10 жилийн дараах өөртөө бичих захидал

Юун түрүүнд энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе чиний ардаа үлдээсэн өнгөрсөн үеэс мэндчилж байна.  Яг одоо би хаана байна вэ?  Мөрөөдөж байсан компанийхаа урд нь машинаа байрлуулчихаад ажлын өрөө рүүгээ алхаж байна уу, “Болор цом” наадмын шүүгчээр сууж байна уу, баяр баясгалан болсон бяцхан хүүгээ цэцэрлэгээс нь авчихаад гэр лүүгээ тэмүүлж байна уу, хувийн сургуулиа байгуулчихсан хүүхдүүдийн инээд цалгисан өргөөний эзэн болчихсон зогсож байна уу эсвэл бүр хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлэх ажилд гар бие оролцоод сэтгэлдээ итгэлийн галыг бадамлуулан сууж байна уу? Эдгээрийн аль нэг нь таарч байвал оюутан цагтаа тодорхойлсон зорилго мөрөөдлөө бодит байдал болгохоор тэмүүлж бас хөдөлмөрлөж чадсан байна гэж магтах нь зүйтэй байх.
Тэртээ 10 жилийн өмнөх БИ одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хариулахад хэцүү байж магадгүй тиймээс өнгөрсөн үеийн Би-г тодорхойлъё. Хичээл болгоныг өөрийнхөө чадах чинээгээрээ суралцдаг хөдөлмөрч, үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа клубээ сургуульдаа нэр хүнд бүхий клуб болоход нь багагүй хувь нэмэр оруулсан цөөн гишүүдийн нэг нь байж чадсан тууштай, хүмүүнлэгийн үйлсэд оролцох дуртай, аливаад бүтээлчээр ханддаг, хүмүүсийн хэлсэн бүхэнд итгэдэг гэнэн охиноос энэ захиаг явуулж байна. Одоо өөрийнхөө өөрчлөгдсөн эсэхийг тунгаан бодох цагийг үлдээе . . .
Алдаа оноог дэнслэн өнгөрүүлсэн амьдралынхаа цаг мөч бүрийг үнэ цэнэтэй өнгөрүүлж, сайхан дурсамжийг хамтдаа бүтээлцсэн найз нөхдөөс чинь сайн нь шигшигдэн үлдэж чадсан бөгөөд хэн үлдсэн байна вэ? Яг одоо тэр найзууд руугаа залгаад сэтгэлийн үгээ хэлэн уулзаарай. Ингээд хамгийн сүүлд хэлэх нэг зүйл байна. Гэр бүл. Ээж минь одоо 50 гаруй настай болчихсон байгаа бас үзэсгэлэнтэй хэвээр байгаа байх. Миний төлөө бүхнийг зориулсны илрэл болж нүүрэнд нь суусан үрчлээсийг хараарай. Одоо чи юу хийх ёстойгоо ойлгоно. Ээжийгээ улам илүү ихээр хайрлаарай.

Хүндэтгэсэн 3-р курсэд суралцаж буй Б-.......  аас


Comments

Popular posts from this blog

Гэрэл

Анхны хайрын түүх